Tuesday, May 22, 2012

"Үхлийг угтах шүлэг"

Хэвлийдээ бүрэлдмэгц надтай шүтэн барилдаж
Хэвтэж амрах чөлөөгүй намайг зорин тэмүүлсэн
Үхэл чамайг би хадаг барин тосно
Үнэн сэтгэлээсээ баярлан угтана
Ээжийнхээ л дараа орвол өнөө маргааш хамаагүй
Эмгэг өвчин хийгээд зуурдаар тонилох ялгаагүй
Ирсэн шигээ байгальдаа гар хоосон буцаад
Илүү дутуу гоёлгүй мөнхийн амгаланг олно
Өрөөлийн үхэл миний орчлонд мэндлэх шалтгаан болсон
Өөрөө би бусдад хорвоод төрөх орон тоо гаргана
Өч төчнөөн амийг мэрж амьдарсныхаа хариуд
Өт хорхой хооллохыг үүргээ гэж үзнэ
Биеийг минь тэд идсээр өсч үржих нь дамжиггүй
Бичил ертөнцийн шим болж ургамлын үндэс тэжээнэ
Өвс ногоо харин амьд бодгаль бүхний
Өнөд оршин тогтнох таатай нөхцөлийг бүрдүүлнэ
Амьд бодисын гинжин хэлхээ тасрахгүй
Амь нас минь тийнхүү зүсээ хувилган үргэлжилнэ
Аугаа байгалийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж
Аварга мөнхийн хүрдний хөдөлгөгч хүч болно
Амьд явахын утга учир үхэл чамд л байдаг
Аз жаргал гэдэг ч чамтай учрахын нэр мөн
Өчүүхэн ч гэсэн өвөө үлдээж, мөрөө гаргалаа
Өөр хүсэл үгүй, нам гүмийг л мөрөөднөм
Цэцэн тэнэг хийгээд баян ядууг ялгадаггүй
Цэх шударга зангийг тань даанч их хайрладаг
Зоргоор шүлэгч зүрхэндээ нэг насаараа тээсэн
Зовлон хэмээх ачаагаа чам дээр буулгаж амарна
Үнэндээ чи намайг тамд хүргэж өгөхгүй
Үгүй хоосон диваажинг би тоож шиншихгүй
Үхэл чи миний төгсгөл ч болж чадахгүй
Үүрд амгалан оршихуйн гэрэлт эхлэл болно оо



Яруу найрагч Д.Болдхуяг