Monday, July 24, 2017

Дурсамж

Заримдаа дурсамжиндаа живж өнжихөд
Хайр харууслын алийг нь мэдэхгүй ч
Халамж, хүлээлтийн аль нь ч бай
Бүхнээ түүндээ өгчихөөд

Гар хоосон гэдрэг буцаад
Нам гүмхээн буландаа тамхиа татаж
Надруу урсах нарны гэрэлд л дулаацаад
Насыг бармаар санагдах

Хар залуугаасаа ганцаардал зөгнөсөн тэнэглэл
Өнөөдөр ч оршсоор
Сургамж авдаггүй тэнэг занг
Сураар боож зовоомооргүй

Ахуйд баригдаж өдөр өнгөрөөх
Аймшигтай санагдаад
Явсан тэнэгийн үлгэрийг санавч
Үл чадах ухаантан царайлах

Амьдрал чи агуу юм
Бурхан чи гайхамшигтай юм
Энэ бүх орчлонгийн төв нь
Би өөрөө л юм гэж....

Зөвхөн энэхэн цагаан цаасан дээр л
Бусдаар би юу ч хийж чадахгүй гэж үү
Өөрийнхөөрөө байх ганц булан минь
Өөр юу ч биш энэ л цагаан цаас....