Tuesday, March 2, 2010

Охиндоо

Хүн яах гэж хорвоод амьдардаг учиртайг хэлээд өгөх хүн байна уу, Хамгийн анх удаа хүн сэтгэл гаргаж бодохдоо их л сэхүүн байсан санагдана. Гуйхгүй гуйлгуулна, үнсэхгүй үнсүүлнэ, аргадахгүй аргадуулна гээд л....

Өөрийнхөө төлөө, аав ээжийнхээ гараас гарах, гэр оронтой болох, сайхан мэргэжил эзэмших, мундаг хүн болчихоод төгссөн сургуульдаа очих гээд л их олон хүсэл мөрөөдөлтэй байж. Би гэдэг хүн өөрийнхөө төлөө явсаар хэний ч юу ч хийж чадаагүйгээ өнөөдөр л ухаарах.

Зоргоор явсан амьдралыг нэг л өдөр хэн нэг нь таслав. Гэхдээ бүр баярлуулж, омогшуулж. Түүнийгээ хархаар хайр хүрмээр, үнсээд л баймаар. Даанч намайг тоохгүй өдөржин унтах.
Над шиг эрх чөлөөтэй байх дуртайдаа өлгийдүүлэхгүй байх санаатай, үнсэх гээд хамраа ойртуулахаар өөдөөс хамар хөхөх гээд л. Хүний орчлонгийн ялангуяа миний дотоод сэтгэлийн хамаг муу муухайг хөөгөөд тэр ирсэн. Амьдралдаа хэний ч төлөө тэгж их санааширч байгаагүй мөртөө түүний төлөө бол бүхнээ өгөхөд бэлэн байнаа.

Өглөөжин ээжээр дуудуулдаг мөртлөө хичээлээсээ байнга хоцордог байсан хүн шөнө жаахан ярьгилахад нь л сэрээд очиж бүүвэйлэх. Солгой хоолойгоор өөрөө зохиож дуулж байгаа ч охинд минь хамгийн сайхан дуу байгаа гэж итгэж байнам. Ээж нь хүртэл чи надаас илүү охиндоо хайртай боллоо гэж туних.

Харсан хүн бүр ээжээс нь юу ч алга чамайг бүтнээр нь хуулаад тавьчихаж гэж халаглахийн. Муу ээж аав минь намайг өсгөх гэж хичнээн шөнө нойргүй хонож, хичнээн их сэтгэлээ чилээгээ бол.... Одоо хүүгээ охинтой болоод өөрөө энэ жаргал зовлонг мэдэрч байгааг мэдээд баяртай байгаа гэж найднам.

Хүн чанар, сэтгэл зүрх, хайр, ээжийн бүүвэйн дуу\нээрээ бүүвэйн дууг яагаад ээжид харьяалуулсаныг ойлгохгүй байгаа\, амьдралын утга учрын тухай бодож их хотын дуу чимээ, ажил, гар утасгүй нэлээн хэд хонолоо. Зарим нэг хүмүүс намайг гэнэт гэгээрч гэх вий гэхээс айж байна. Гэхдээ хүн бүр өөрт ирсэн зовлон жаргалаар л амьдралыг цэгнэдэг шүү дээ.

Гүнждээ нэр өгөөгүй л байна, үгээр илэрхийлэмгүй сайхан гэдэг шиг.... гэхдээ хүн бүр хорвоогийн өөрийнхөөрөө зурдаг тул охиндоо энгүүн сайхан нэр өгнөө.
Дэндүү давчуу гээд дуулдаг шиг дэндүү давчуу ертөнцийн дэргэд миний охины шөнөөр үнэгчилээд инээмсгэлдэг инээмсгэлэл дэндүү агуу ертөнц болох байх......
Ээждээ зориулж шүлэг бичиж чадаагүй би охиндоо зорилж шүлэг бичиж чадахгүй байхаа, гэхдээ хэзээ хойно ядаж 4-хөн мөрт ч атугай бичнэ гэж найднам.

1 comment:

Anonymous said...

hoooh zaa bayar hurgii. uneheer saihan medee baina. az jargal mun asar ih uureg hariutslaga negen zereg awchirdeg shine hun bolood tanai haluun ger buld chin setgeleesee az jargal mun bayar hurgii