Thursday, December 3, 2015

Урт холын замдаа чамайг өвөртлөн бэдэрнэ

Гуниггүй гэж өөрийгөө хуурч
Гүдэсхэн алхаж яваа энэ өдрүүдэд
Өөрийгөө таниа нь үгүй явсандаа
Өнөөдөр сэтгэл үймэрч сууна

Сэтгэл эмзэглэхдээ хүрвэл
Сархадын ч хэрэг алга
Хүсэл тэмүүлэл эмтрэхдээ хүрвэл
Хүн байхын ч утга алга

Зорилгогүй, өөртөө итгэлгүй, эмзэг энэ өдрүүд
Би хэн юм бэ? яах гэж хорвоод явна вэ?
Хаа байсан тэртээ жилүүдэд
Хэн нэг нь надаас хулгайлвуу?

Гучин насандаа Есинин шүлгээ тэрлээд буцсан шиг
Тийм мэдрэмж...
Хэрвээ үнэн бол үлдсэн ганц жилдээ
Зорилго чамаар л дутаж байна

Далай багш бусдад туслахыг өөрийнхөө зорилго гэжээ
Даан ч би бусдад байтугай өөртөө ч туслаж чадах бил үү?
Чамайг би өөрийн болгоод
Гуниггүй гучин насыг угтах болно

Үнэн ч бай худал ч бай
Үхэлтэй нүүр тулахаас айхгүй амьдрана
Эрээвэр хураавар бодлууд дундаа төөрөөд
Эгээтэй л чамайг мартаж явжээ

Зорилгогүй би өөрийгөө хуураад яах вэ
Зогсож байгаад, нэг тогтож хараад
Уртаар санаа алдаж, чамайг нэг анзаараад
Урт холын замдаа чамайг өвөртлөн бэдэрнэ.