Friday, May 1, 2015

Хүүдээ бичсэн захидал

Хүүгээ мэндэлсэнээс хойш аав нь
Хэнд ч хэлээгүй үг олох гэж
Сэтгэлийн мухраа өрөмдөж
Итгэлийн зулыг бадамлуулан бичиж сууна

Аавдаа чи ач хариулах хэрэггүй
Аав нь чиний төлөө
Аавдаа ач санасан юм
Алс холын бодолдоо санан санан өссөн юм

Цагтаа аав нь ааваасаа
Залуу насыг нь үрж өссөн
Одоо би аавынхаа төлөө
Орчлонг умартан чамайг өсгөнө

Аавдаа чи ач санах хэрэггүй
Аавынхаа ачийг хожим чи
Хөрстөд хөл алдалгүй
Хүүдээ гаргаж ач хариул

Амьдралд чи ганцаараа биш
Аав чинь чиний цусанд буцлана
Алдаан дунд чи ганцаараа биш
Аавынх нь захидал сэтгэлд чинь үлдэнэ

Хүн гэдэг ухамсарт амьтаны
Хүслийнх нь үзүүр мөнх амьдрах
Мөнх амьдралын утга учир нь
Мөнөөх чиний хүү чинь байх болно

Хүн гэдэг амьдралдаа
Хаа нэгэн газрын хил дээсэн дотор
Эх орон хэмээх нэгэн бүлийн
Эд эс нь болж, хувь тохиол учирдаг

Үр хүүхдийнхээ төлөө гэх
Эцэг эх бүрийн
Үндэс сэтгэл зүрх нь
Эх орон ажгуу

Эх орон гэдэг үр минь чи юмсанж
Эрт урьдын ачлал ч бас чи юмсанж
Аав минь ч бас чи юмсанж
Адаг сүүлд нь би өөрөө ч бас чи юмсанж

Үнэн биш зөв амьдрах гэж аав минь
Үсээн цайтал миний төлөө
Чөмгөө дундартал аав минь үнэндээ
Чиний төлөө л өөрийгөө үржээ

Хэзээ хойно үрийн чинь үр
Хэн байснаа хэзээ ч үл мартаг
Өнгөрсөн бидний алдааг давталгүй
Өмнөхөө л харж, үүрд мөнхөд үргэлжлэг

Аавд нь тээх илүү үг алга
Алдаа оноон дундаасаа чи улам ухаажина
Асуудал гарвал тойроод байлгүй
Агсал залуу насаар дайраад, даваад гар

Алдахаас бүү ай
Алдсан ч оносон ч дайраад л гар
Урагшаа чи эс алхвал
Угтаан чи ухарч мэднэ

Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм шүү
Хүслээн дарж, ухамсарт амьдралд шуна
Амьдрал хэдий шударга бус ч
Амиа бодож бүү шантар

Хэзээ хойно, үзээд алдах минь яав даа гэж
Хэрхэвч чи толгойгоо барьж суух ёсгүй
Өлгийндөө тонгочих чиний үнэрт
Өнөөдөр аав нь согтож сууна

Аав ээждээ ачлалтай болохоос илүү
Агуу энэ эх орондоо л хэрэгтэй хүн бол
Эцэг эхтээ ачлалтай явжээ гэхээс илүү
Эх нутагтаа гавьяатай явжээ гэвэл баярлана

Нэрийг чинь өгсөн утга учрыг
Нэгэн цагт чи мэднэ
Аавыгаа чи тэр үед
Амьдралыг дэнслэж явжээ гэж ойлгоорой

Аав нь хүүдээ энэ амьдралынхаа
Алдаа онооныхоо дэнсийг л өгнө
Өөрөө чи энэ гараараа
Өнөр өтгөн амьдралыг босгоорой.

УБ хот, 2015,05,01