Sunday, August 16, 2020

... надад хүн дурлаж гэнэ

 Навч хагдрах намрын сүүмэн цагаар

Надад хүн дурлаж гэнэ . . . яахнав дээ . . .
Тоост хорвоогийн тохуу доог хоёрт улайстлаа өртөж
Толгой эргэм найр, хайрт уйдталаа төөрөв 
Ший жүжиг шиг хорвоогийн алаг явдлын
Шившиг, тансаг хоёрыг би мэднээ . . . би . . .
Мэдэх мэдэхдээ . . . мэдэх шиг мэднэ . . .
Мэндлэхээс үхэх хүртэл нь мэднэ . . .
Хуучнаас хуучин хорвоогийн билбүүр
Үнгэгдсэн хойно минь “шинэ” байлгах нь
Худлаа нь үнэний эргийг зулгаасан үед
Үхэхийн минь өмнө “хайрлаж” гялайлгах нь . . .
Муухай гэдгийг минь гэрэл сүүдэр зурсаар атал
Муухайг сайхан гэж эндүүрсэн, сохор хайрын буруу
Дэрвэж явсан залуу халуун насыг минь
Дэвсэж явсан бүсгүйтэй тааралдлаа . . .
Дэвэрч ассан сайхан зүсээрээ нүд арчиж
Дэргэд минь нулимж байсан хүүхэнтэй уулзлаа
Дэндүү тэнэг явжээ . . . би гээд санаа алдан
Дээлийнхээ дотоод хормойг огшоож имэрлээ
Цагтаа сайхан явсны гэгээн ул мөр
Цаана нь үлдсэн бүхэн намайг тэмтэрлээ
Ухаарах сөгөөгүй явсныг чинь гэмийн дайнд санаж
Урт жилүүдийн хойно хайрын хонзон авахгүй ээ
Усанд өвдгөө дүрсэн уулын бургас ширэлдсэн бэлд
Учраа олохгүй үнссэн уруулын мар хацарт чинь байхгүй
Хөөрхий зүрхэнд минь одоо болтол чиний зай эзгүй ч
Хүйтэн одод, хоосон зүүдээр дүүргэчихсээн, би . . .
Б.Лхагвасүрэн

No comments: