Wednesday, May 18, 2011

Хэрэглэгч төвтэй маркетинг

Бизнес хийнэ гэдэг мөнгө олохын нэр биш,
Хүний сэтгэлийг татахын нэр юм. Тэгсэн цагт мөнгө өөрөө чамруу урсах болно.
Солонгосын эртний үг

Хүний сэтгэхүйд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг зөвхөн стандартаар тогтоодог, үнэлдэг байсан цаг саяхан. Нэг загварын хувцас өмсөж, нэг хэлбэртэй гоймон худалддаг байсан тэр үед барааг хэрхэн хэрэглэгчидэд хүргэх вэ, бид яаж өрсөлдөөнд ялах вэ, бид яавал стандартаас илүү бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж чадах вэ гэдэг асуулт ямар утгагүй байв. Хугацаанд нь хүргэх, стандартанд нийцүүлэх гэсэн цөөхөн асуудал дээр худалдааны ажил гардаг байв.
Гэтэл орчин үед таны юу зарж байгаа тань чухал биш, харин ямар үйлчилгээгээр бараагаа баяжуулж хүргэж байна вэ гэдэг маш чухал болжээ. Учир нь зуун хувь бараа гэж огт байхаа больж. Бүтээгдэхүүний сав баглаа, тайлбар, хүргэлт, угсралт, зааварчилгаа, засвар арчлалт, санал сэтгэгдэл, шинэчилэлт, хөгжүүлэлт хийх гээд шат бүр өөр өөрийн үйлчилгээг шаарддаг болжээ. Учир нь дэлхий хавтгай, тэр дундаа цаг хугацаа, орон зайн хязгаарлалт улам бүр багассан, иргэний сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны удирдлага зэргээс шалтгаалж таны хийсэн өчүүхэн алдаа маш хурданаар орон зайд хязгаарлагдахүйгээр, хэл соёлын саадгүйгээр олон нийтэд түгэж таны санасаас ч илүү уналт авчрах магадлал маш өндөр болсон. Энд бидний үздэг орчны асар олон өөрчлөлт байгааг та анзаарсан байх, хүн амын өсөлт, хэрэглэгчдийн өсөлтийг даган нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид, үйлчилгээ санал болгогчид маш олон болсон бөгөөд энэ бүхнийг холбосон маш олон мэдээлэл харилцааны хэрэгслийн тусламжтайгаар тэд бүгд хооорондоо өрсөлдөгчид болж том, жижиг, хаана байрлаж байгаа зэргээс улам бүр хамааралгүй болж байгаа нь илт. Энэ бүхэн бүтээгдэхүүний амьдралын мөчлөг богиносож, та зах зээлээс нэг гарсан бол маш хурдан мартагдах болно. Өнөөдөр хэдхэн жилийн өмнө сонсдог байсан халаасны кассет тоглуулагч, халаасны сд тоглуулагч, тэр байтугай уолкмэнийг хүмүүс санадаг болов уу. Нээрээ ийм зүйл байсан даа гэж санахаас цаашгүй болсон нь илт.
Энэ бүхнээс нэг дүгнэлтэнд хүрч болно. Энэ нь бүх зүйл хэрэглэгчид мэдээлэл маш хурдан хүрч болох бөгөөд нөгөө талдаа хэрэглэгчийн санаа бодлыг та маш хурдан маш олон замаар сонсож болно. Энэ нь шууд утгаараа хэрэглэгч таны юу хийхийг, хаана хүрэхийг, ямар өөрчлөлт хийхийг шууд утгаар заахгүй ч тэдний хүсэл, дуу хоолой нь таныг хөтлөхөд хүрнэ. Учир нь та тэдэнгүйгээр хэн ч биш. Энд улсын өмчийн эрчим хүчний станц үнээ өсгөж буулгах тухай биш таны иддэг талх, таны гар утасны үйлчилгээ үзүүлэгч компаний тухай ярьж байна гэдгийг санаарай. Эндээс хэрэглэгч төвтэй маркетингийн удирдлагын асуудал босч ирсэнийг  сайн ойлгож байгаа биз. Үүнийг нөгөө талаас нь тайлбарлах хүмүүс байдаг. Тэдний хүсэл бүрийг биелүүлэх боломжгүй, эсвэл тэд юу хүсч байгаагаа мэддэггүй гэх зэргээр олон асуудал бий. Форд Моторсийг үндэслэгч Генри Форд хэлэхдээ: “Хэрвээ бид хэрэглэгчдээ сонссон бол тэд илүү хүрдан, бат бөх тийм морин тэрэг хүсэх байсан” гэж хэлжээ. Тиймээ үнэхээр хэрэглэгчид морин тэрэг хүсэх байсан. Гагцхүү тэдний илүү хурдан, бат бөх гэсэн хүсэл мөрөөдөл дээр нь Генри форд авто хөдөлгүүр буюу шинжлэх ухааны дэвшлийг ашигласнаараа тэр амжилтанд хүрч өдгөө форд мустанг, форд экспедшн зэрэг хүлгүүдийг машин сонирхогч хүн бүр мэдэх бизээ. “Ирээдүйн бүтээгдэхүүн= Таны бизнесийн төсөөлөл+Хэрэглэгчийн хүсэл, төсөөлөл+Шинжлэх ухаан техникийн дэвшил” гэсэн бяцхан гаргалгааг хэрэглэгч төвтэй маркетингийн удирдлага авч үзээд байгаа билээ. Таны бизнесийг завь гэж төсөөлбөл хаана хүрэхийг та хүсч байгаа ч таныг татах гэрэлт цамхаг нь хэрэглэгчид, завьний сэлүүр нь шинжлэх ухааны дэвшил гэж би боддог.
Маркетингийн энэхүү хандлага мэдээлэл, хувь хэрэглэгчийн зах зээл бүтээгдэхүүний зах зээл, түүний дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээнд илүү түлхүү нэвтрэн оржээ. Хүн бүрийн олон хүсэл эрмэлзэл, төсөөллийн тусламжтайгаа бараа бүтээгдэхүүн, түүний үйлчилгээний тоо хэмжээ олширч тэр хэрээрээ таны үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээнд тань орлох, орлуулах бүтээгдэхүүн ихсэж байгааг ойлгох хэрэгтэй.  Үүнийг бид холоос хайх хэрэггүй юм. Байрны гадаах зэрэгцээ 3 дэлгүүрээс та тод харж болно. Аль нь их хүнд үйлчилж, түүгээр орж гарч байна тэрхүү дэлгүүрийн худалдагч хүмүүстэйгээ харилцаа үүсгэж, дахин худалдан авалт, урвуулалтыг ашиглаж чадаж байгааг та анзаарч болно. Тэд хурдан үйлчлэх, бусад дэлгүүрийг бодвол үнэнд уяан хатан ханддаг, барааны тухай аливаа мэдээллүүд нь тодорхой эсвэл үйлчилгээний заал нь тохитой, өрөлт нь сайн байж мэдэх юм. “Та худалдагч бүсгүй эсвэл залуу нь хөөрхөн байсан болов уу гэж тааж байна уу :P ” Энэ бүгдийн уг сүнс нь хэрэглэгчдэд тухайн дэлгүүр ямар нэг өдөөлт өгч, таатай санагдаж байгаагаар тайлбарлагдана.
Маркетингийн үйл ажиллагааг бүхэлд нь авч үзвэл нэгд ашиг олж, эздэд таалагдах ёстой, өөрөө зөв сайн, нийгмийн сайн сайхны төлөө хийсэн юмтай үлдэж менежерүүд бид сэтгэл хангалуун байх ёстой, хамгийн сүүлд нь хамгийн чухал нь хэрэглэгчид сэтгэл хангалуун, дахин үйлчлүүлэх хүсэлтэй, тэдний хүсэл мөрөөдөл, төсөөллийг биелүүлдэг байх хэрэгтэй гэсэн гурван талт үйл ажиллагаа гэж үзвэл зохистой гэж бодно. Ардчилсан улс орон олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэгийн адил бизнес эрхлэгчид ч бас хамгийн чухал тулгуураа хэрэглэгчээ болгож тэдний өсөлтийг өөрийн өсөлт болгож байх хэрэгтэй. Тэд ухаалаг, эрмэлзэлтэй, тэдэнд таны бизнес өдөр тутмынх нь хэрэгцээ болдог, магадгүй тэд таны “бүтээл”-ээр бахархдаг, хайрладаг байх нь таны зах зээл дээр амьд үлдэх хамгийн том баталгаа болно гэдэгт итгээрэй.
Таны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээн авч, хэрэглэж, хайрлаж, үнэнч шүтэн бишрэгч байнгын үйлчлүүлэгч болсон тэр хүмүүсийг та бий болсон цагт мөнгө таньруу өөрөө урсан орох болно.

No comments: