Wednesday, November 4, 2020

Сэтгэлийн цагаан хун

Дэндүү ахархан насны эхэнд
Дэргэд чинь байлаа ч жаргаагүй 
Онгон хайрын ариухан шүтээнд 
Мөргөлөөч сөгдлөөч мөнхрөөгүй

Даль жигүүрэндээ мөнхийн шархтай 
Даанч гэнэхэн залуу нас минь
Сэвгүй хайрын ганцхан бахархал
Сэтгэлийн цагаан хун чинь дээ би

Үдлээд буцхын зайтай хорвоод 
Үүрдийн байлаа ч жаргаагүй
Хайр хайрын халуун илчинд
Хагацлаач холдлоо ч мартаагүй 

Даль жигүүрэндээ мөнхийн шархтай 
Даанч гэнэхэн залуу нас минь
Сэвгүй хайрын ганцхан бахархал
Сэтгэлийн цагаан хун чинь дээ би

Богинохон заяат хүний орчлонд
Бодлоо гүйцээж амьдраагүй 
Ухаарал гэмшилийн алтан тайз
Уярлаач учирлаач ханьсаагүй

Даль жигүүрэндээ мөнхийн шархтай 
Даанч гэнэхэн залуу нас минь 
Сэвгүй хайрын ганцхан бахархал
Сэтгэлийн цагаан хун чинь дээ би


Sunday, August 16, 2020

....

Хээрийн гєрєєс шиг насны минь
Хээтэй хоргой шиг намтар дунд
Арилшгvй мєрєє vлдээсэн
Аяа миний буриад басган...

... надад хүн дурлаж гэнэ

 Навч хагдрах намрын сүүмэн цагаар

Надад хүн дурлаж гэнэ . . . яахнав дээ . . .
Тоост хорвоогийн тохуу доог хоёрт улайстлаа өртөж
Толгой эргэм найр, хайрт уйдталаа төөрөв 
Ший жүжиг шиг хорвоогийн алаг явдлын
Шившиг, тансаг хоёрыг би мэднээ . . . би . . .
Мэдэх мэдэхдээ . . . мэдэх шиг мэднэ . . .
Мэндлэхээс үхэх хүртэл нь мэднэ . . .
Хуучнаас хуучин хорвоогийн билбүүр
Үнгэгдсэн хойно минь “шинэ” байлгах нь
Худлаа нь үнэний эргийг зулгаасан үед
Үхэхийн минь өмнө “хайрлаж” гялайлгах нь . . .
Муухай гэдгийг минь гэрэл сүүдэр зурсаар атал
Муухайг сайхан гэж эндүүрсэн, сохор хайрын буруу
Дэрвэж явсан залуу халуун насыг минь
Дэвсэж явсан бүсгүйтэй тааралдлаа . . .
Дэвэрч ассан сайхан зүсээрээ нүд арчиж
Дэргэд минь нулимж байсан хүүхэнтэй уулзлаа
Дэндүү тэнэг явжээ . . . би гээд санаа алдан
Дээлийнхээ дотоод хормойг огшоож имэрлээ
Цагтаа сайхан явсны гэгээн ул мөр
Цаана нь үлдсэн бүхэн намайг тэмтэрлээ
Ухаарах сөгөөгүй явсныг чинь гэмийн дайнд санаж
Урт жилүүдийн хойно хайрын хонзон авахгүй ээ
Усанд өвдгөө дүрсэн уулын бургас ширэлдсэн бэлд
Учраа олохгүй үнссэн уруулын мар хацарт чинь байхгүй
Хөөрхий зүрхэнд минь одоо болтол чиний зай эзгүй ч
Хүйтэн одод, хоосон зүүдээр дүүргэчихсээн, би . . .
Б.Лхагвасүрэн

Sunday, March 1, 2020

Гунигийн дуу

Ундааны дээж архийг болвол хө
Ууна гэж юунд нь хэллээ дээ хө
Учир ерөөлгүй чамдаа болвол хө
Сууна гэж юунд нь амлалаа даа хө

 Нуур л болгож үлдээхгүйгээс хойш 
 Нулимсаа юунд нь гаргав даа хө
 Нуруу биеэр чинь тэврэхгүйгээс хойш
 Нууцгай чиг юунд дасав даа хө
 
Саруулхан хөндийн цэнхэр уулын хө
Салхит гэж юунд нь нэрлэв дээ хө
Санасандаа хүрдэггүй л дээ миний амраг
Салнаа гэж юунд нь нэрлэхэв дээ хө

 Өнөө зуны хур л бороо нь хө
 Өвөлдөө ч битгий ороосой билээ дээ хө
 Өнгөрүүлж л сурсан миний л амраг
 Өөр хүнийг битгий зовоогоорой доо хө
 
Авдар авдраар сөгнөхгүйгээс хойш
Архийг юунд нь амсав даа би
Амьдын жаргалыг эдлэхгүйгээс хойш
Анхнаасаа юунд дасав даа чи

 Далавчгүй л байтлаа шувуу бүхнийг ээ
 Дагаж битгий л нисээрэй дээ хө
 Даан чиг л томоогүй миний амраг
 Дахиж битгий л уйлаарай даа хө

Р.Чойном