Tuesday, November 12, 2024

...

Бүх зүйл хугацаатай 

Эхэлсэн шиг ээ төгсөнө

Өрнөсөн шиг ээ дуусна

Туулсан шиг ээ үднэ 

Хайр сэтгэл байвч дуусна

Хань ижил байвч орхино

Үр хүүхэд байвч хагацана

Үүрдийн юм гэж нэг ч үгүй шүү

Эд хөрөнгө байлаа ч барагдана

Эрх мэдэл байлаа ч элээгдэнэ

Атгасан бүхнээ ававч хорогдоно

Амласан бүгдээ биелүүлэвч үгүйрнэ

Мөнхийн зүйл гэж үгүй шүү 

Мөр өө үлдээж амьдарсан нь үнэн

Мөдхөн тэгээд буцах нь үнэн

Мөрөөдсөн шиг ээ л явж чадаагүй нь үнэн…

Нэг л өдөр үхлийн өмнө эрэгцүүлэн суухуйд

Нөгөө л хайрласан хэн үхтлээ хураасан хөрөнгө хоёр

Хэн нь ч хань болохгүй

Хэн нь ч өнгөрснийг чинь хуваалцахгүй…

Өгөх тусам чинь магтна хүмүүс бүгд л тэгдэг

Өгөх өө больбол муу хэлнэ тэд бүгд л тэгдэг

Бусдыг гэсэн сэтгэлд чинь тэд ялаа шиг шавна 

Байхгүй болох үед чинь тэд хамхууль шиг орхино

Үүрдийн гэж бодох бүрд чинь зуурдынх отож байдгийг санаарай

Үнэнч гэж зүтгэх бүрд чинь хууралт ойртож байдгийг мэдээрэй

Үнэн гэж ярих бүрд чинь худал дагаж байдгийг ухаараарай

Үхэхгүй юм шиг зүтгэх бүрд чинь хайран цаг хугацаа хорж байдгийг тунгаагаарай

Дааж давахгүй ачаа үүрсээр өтөл болохуйд

Дахиад амьдрахгүй байж яах гэж энэ вэ гэж өөртөө халаглана

Дандаа залуу явах юм шиг таарснаа хүртсээр ирсэн ээ

Даанч хожуу ухаарсныгаа бусдаасаа нууж мэлмэрнэ…

Буцааж болдоггүй цаг хугацаа гэдэг хатуу 

Буцааж төрдөггүй хүний заяа гэдэг хайран

Хазсан алим бүтэн болдоггүйг санаж алдаа битгий гаргаарай

Хагарсан шаазан эргэж нийлдэггүйг мэдэж үг ээ хянаарай 

БҮХ ЗҮЙЛ ЦАГ ХУГАЦААТАЙ

БҮХ ЗҮЙЛ ЭХЛЭЛ ШИГ ЭЭ ТӨГСГӨЛТЭЙ

О.Батболд.