Monday, March 29, 2010

Монгол зан...

... Онгоц дүүрэн зөвхөн Япончууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биенийхээ хаягийг авч, маргааш хамтдаа хооллохыг урьцгаажээ. Тэд маргааш нь яг цагтаа бүгд цуглаж, хамтдаа хооллосон гэнэ.

...Онгоц дүүрэн зөвхөн Монголчууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биедээ баяртай гээд л тал тал тийшээ тарж явсан гэнэ. Тэд дахиад уулзалдсангүй.

Япончууд, Монголчуудын ялгааны тухай, энэ бяцхан онигоог Америк эмэгтэй миний танил Ивээлтэд ярьж л дээ. Ивээлт:
-Бид яаж өөрчлөгдөх ёстой вэ? гэж асууж. Тэр эмэгтэй:
-Өөрчлөгдөж яах юм бэ? гэж гайхангуй хариулсан гэнэ.

(Source: http://dream224.blog.gogo.mn)

Saturday, March 13, 2010

Хайрын сэтгэл...

Баяртай гэж би хэзээ хойно
Бахархалтайгаар хэлэхсэн
Үзэж өнгөрүүлээгүй юм шиг шунаж
Үйлээн үзэн араас нь гуйхгүй

Хамаг бүхнийг аваад одох
Хайран сайхан залуу нас
Үнэндээ надад жаргал бэлэглээд
Үдлээд буцах амрагын болзоо...

Хагацал үнэртсэн анхны хайраа
Хамаагүй би үзэн ядахгүй
Ханиа жаргааж үрээн эрхлүүлэх
Үүрдийн жаргалаа...

Цаг зуурын жаргал амсуулсан
Цайлган сэтгэлт хайтан үе минь
Идэр есийн бар цагт
Инээд хүртэл хөлдөж байсан...

Зөрөөд л өнгөрсөн ганцхан тохиол
Зөрүүд намайг дөнгөлж орхисон
Гарцаагүй алдах тэр цагт
Гадаа чинь би очиж чадаагүй

Усны шувуудын тэртээ
Уг сэтгэл минь дөнгөлөөтэй
Хайрын тухай мэдэхгүйдээ
Хамгийн нандин зүрхээн алдсаан...

Арван найман нас гээд дуулдаг шиг
Арван найман нас минь чи байсаан
Бидэн хоёрын сэтгэл
Биднийх байгаагүй нь үнэн үү...

Үдлээд буцах залуу насны
Үнсээд буцсан анхны хайраа
Өнөөдөр үгүйлж суухын жаргал
Үнэндээ чи минь шүү дээ

Хайран байдаг залуу насыг
Хань минь чи надад хайрласан
Хамгийн нандин итгэл дагуулж
Хайрыг минь чи авсан

Үрээн эрхлүүлж суухын жаргалыг
Үнэндээ хамт суугаад мэдрэх
Үнэгчилж инээх зүүдний
Үнэн сэтгэл нь чи байгаасай...

УБ. 2010,03,13

Tuesday, March 2, 2010

Охиндоо

Хүн яах гэж хорвоод амьдардаг учиртайг хэлээд өгөх хүн байна уу, Хамгийн анх удаа хүн сэтгэл гаргаж бодохдоо их л сэхүүн байсан санагдана. Гуйхгүй гуйлгуулна, үнсэхгүй үнсүүлнэ, аргадахгүй аргадуулна гээд л....

Өөрийнхөө төлөө, аав ээжийнхээ гараас гарах, гэр оронтой болох, сайхан мэргэжил эзэмших, мундаг хүн болчихоод төгссөн сургуульдаа очих гээд л их олон хүсэл мөрөөдөлтэй байж. Би гэдэг хүн өөрийнхөө төлөө явсаар хэний ч юу ч хийж чадаагүйгээ өнөөдөр л ухаарах.

Зоргоор явсан амьдралыг нэг л өдөр хэн нэг нь таслав. Гэхдээ бүр баярлуулж, омогшуулж. Түүнийгээ хархаар хайр хүрмээр, үнсээд л баймаар. Даанч намайг тоохгүй өдөржин унтах.
Над шиг эрх чөлөөтэй байх дуртайдаа өлгийдүүлэхгүй байх санаатай, үнсэх гээд хамраа ойртуулахаар өөдөөс хамар хөхөх гээд л. Хүний орчлонгийн ялангуяа миний дотоод сэтгэлийн хамаг муу муухайг хөөгөөд тэр ирсэн. Амьдралдаа хэний ч төлөө тэгж их санааширч байгаагүй мөртөө түүний төлөө бол бүхнээ өгөхөд бэлэн байнаа.

Өглөөжин ээжээр дуудуулдаг мөртлөө хичээлээсээ байнга хоцордог байсан хүн шөнө жаахан ярьгилахад нь л сэрээд очиж бүүвэйлэх. Солгой хоолойгоор өөрөө зохиож дуулж байгаа ч охинд минь хамгийн сайхан дуу байгаа гэж итгэж байнам. Ээж нь хүртэл чи надаас илүү охиндоо хайртай боллоо гэж туних.

Харсан хүн бүр ээжээс нь юу ч алга чамайг бүтнээр нь хуулаад тавьчихаж гэж халаглахийн. Муу ээж аав минь намайг өсгөх гэж хичнээн шөнө нойргүй хонож, хичнээн их сэтгэлээ чилээгээ бол.... Одоо хүүгээ охинтой болоод өөрөө энэ жаргал зовлонг мэдэрч байгааг мэдээд баяртай байгаа гэж найднам.

Хүн чанар, сэтгэл зүрх, хайр, ээжийн бүүвэйн дуу\нээрээ бүүвэйн дууг яагаад ээжид харьяалуулсаныг ойлгохгүй байгаа\, амьдралын утга учрын тухай бодож их хотын дуу чимээ, ажил, гар утасгүй нэлээн хэд хонолоо. Зарим нэг хүмүүс намайг гэнэт гэгээрч гэх вий гэхээс айж байна. Гэхдээ хүн бүр өөрт ирсэн зовлон жаргалаар л амьдралыг цэгнэдэг шүү дээ.

Гүнждээ нэр өгөөгүй л байна, үгээр илэрхийлэмгүй сайхан гэдэг шиг.... гэхдээ хүн бүр хорвоогийн өөрийнхөөрөө зурдаг тул охиндоо энгүүн сайхан нэр өгнөө.
Дэндүү давчуу гээд дуулдаг шиг дэндүү давчуу ертөнцийн дэргэд миний охины шөнөөр үнэгчилээд инээмсгэлдэг инээмсгэлэл дэндүү агуу ертөнц болох байх......
Ээждээ зориулж шүлэг бичиж чадаагүй би охиндоо зорилж шүлэг бичиж чадахгүй байхаа, гэхдээ хэзээ хойно ядаж 4-хөн мөрт ч атугай бичнэ гэж найднам.

Хүн чанар

Багш шохой аван самбар дээр томоос том 1-н тоо бичээд : “ЭНЭ БОЛ ХҮН ЧАНАР ЮМ. ХҮНД БАЙХ ХАМГИЙН ЭРХЭМ ЗҮЙЛ ЮМ ГЭВ.” Тэгээд “1”-ийн тооны ард “0-г нэмж бичээд” Энэ бол амжилт жинхэнэ хүн чанар 1-г 10 болгож чадна гэв. Дахин “0” нэмж бичээд Энэ бол туршлага. 10-г 100 болголоо. 0-үүд цааш үргэлжилсээр чадвар,сахилга бат,хайр дурлал... Нэмж бичигдэх “0” бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Багш самбарын алчуур аван эхэнд бичсэн “1”-н тоог арчиж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон “0” үлдлээ. Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлж “ Хүн чанар байхгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй гэлээ.”


(Source: http://baji-csms.blogspot.com/)