“Хүн бүр өөрт тохиолдсон зовлон жаргалаар л амьдралийг дүгнэдэг шүү дээ” гэж хэн хэллээ дээ, Сүүлийн хэд хоног ажил сургууль гэх жаахан завгүй гүйж байна, Харин хүн завгүй байх тусмаа улам ихийг хийхийг хүсдэг бололтой. Амжуулна гээд нэг халтуурны ажил авчихсан. За тэр ч яахав ийм нэг зүйлийн талаар бичье гэж бодлоо. Залуу хүмүүс системтэй суралцах, зөв зүйлийн төлөө ажиллах, цагаа үр ашигтай ашиглах тал дээр их дутагдалтай юм шиг. Уг нь энэ тухай эртнээс бодож байсан авч саяхан Судлаач Д.Ганхуяг / @sudlaachganaa / гуайн бичсэн залуу судлаачдад өгөх зөвлөгөө гэснийг уншаад энэ талаар ерөөс бичье гэж шийдлээ, энэ бол нэг их зөвлөгөөсөөд байх юм биш л дээ. Өөрийнхөө хардаг өнцөгийг бусадтай хуваалцах гэсэн юм.
Би ч бага байхдаа гарт тааралдсанаа уншдаг байлаа. Тэр үед надад гэрийн номын сангаас л ном олдоно. Аймгийн төвд номын сан байдаг үгүйг ч мэдэхгүй, харин сүүлд 7-р ангид орсон хойноо сургуулийн номын санг ээжийнхээ нүүрээр ганцаараа орж шүүж үздэгсэн. Тэр үед хэрэгтэй хэрэггүйг нь мэдэхгүй баахан юм уншиж байсан санагдах юм. Багачуудын үзэх физик, сонирхууштай амьтад, биологи, уран зохиол, бүр линений 12 ботийг хүртэл сонирхож сөхөж үзэж байлаа. Хожим уншсан бүхэн минь янз бүрийн тохиолдолд хэрэг болж байсан ч эргээд надад системтэй үлдсэн үү гэвэл үгүй юм шиг. Юм бүхний талаар хэнтэй ч хамаагүй чалчих, ном хаялцах хоббиндоо хөтлөгдөн ахлах ангидаа юм юмны уралдаан олимпиадад үздэгсэн. Гэхдээ хэн нэгэн сайн зөвлөхийн ачаар л тийм ийм ном унших, хэзээ уншивал зүгээр талаар мэдэж авахаар тэр жаахан хүүхдүүд сонирхосноо л унших нь ч аргагүй юм. Ахлах ангид Баабар / @baabar / гуайн “Дори идэр дүүдээ” гэдэг ном гарч олон хүнийг гэгээрүүлсэн байхаа.
Би өөрөө залуу, оюутан хүн л дээ, гэхдээ энэ талаар өөрийн үзэл бодлоо бичьюү гэж шийдлээ, Зөвлөмж биш, шүүмжлэл биш, зөвхөн миний харж буй өнгөц юм шүү.
Хэлэх гэсэн санаа минь ийм. Ерөнхий мэдлэгийг арван жилдээ маш сайн судлах өөрөөр хэлбэл хичээлээс гадуур хэд хэдэн чухал номыг сэлтийг уншсан байх. Харин их сургууль коллежидоо өөрийн юу хийж чадах, ямар хүн болох хүсэлтэй талаар маш сайн өөртэйгөө ажиллах ёстой байх. Тэгж байж ирээдүйд юу үзэж судлахав гэдгээ шийдэхгүй бол өнөөдөр маш их эх сурвалж, мэдлэг олох цар хүрээ нэмэгдэж байх шиг.
Өнөөдөр маш олон шинэ тутам төгсөгчидтэй таарч ярилцаж байхад байгаль орчинтойгоо харилцах, олон нийттэй харилцах, ажлын гүйцэтгэл биелүүлэх чадвар, хүмүүний философийн наад захын мэдлэг, уламжлал ёс жаяг, өөрийн тухай үзэл бодолгүй байх шиг санагдах юм. Хий хоосон зүйлийн төлөө, өнөө маргаашийн төлөө амьдрах.
Дээр нь манай ерөнхий боловсролынхон, их дээд сургуулийн оюутнууд цагаа маш их дэмий үрж байна. Интернэтэд сууж байгаа нь сайшаалтай боловч Facebook, Hi5, twitter, blog хэсч байхын оронд системтэй мэдлэг олохын төлөө зорилготойгоор уншиж судлах, тодорхой нэг нийгмийн бүлгүүд дунд орж ажиллах, бизнесийн байгууллагуудад хагас цагаар ч болов ажиллаж байх ёстой мэт. Зүй нь чи өнөөдөр найзынхаа зургийг үзэж суух нь дээр үү, Инкотермсийн ганц нөхцөл судалж байх нь дээр үү.
Би энд олон нийтийн сүлжээ сайтуудыг буруутгах гэсэнгүй. /энэ шүүмжлэлээс хамгийн холуур байх олон нийтийн сүлжээ нь твиттер байхаа/ Өнөөдөр тэдний хувьд мэдлэг олж авах нь чухал болохоос мэдээлэл олж авах нь чухал биш. Дээр нь тэрхүү олж авч байгаа мэдээллийн бараг 80% нь өөрт нь үр ашиггүй байгаа гэж бодож байна. Ш.Баатар гуайн хэлсэнчлэн номыг барьж унших нь тархинд үлдэхдээ амархан гэсэн юутай үнэн ажгуу. Өнөөдөр залуус бид уншиж мэдэхийн төлөө тэмүүлэх ёстой болохоор мэдээлэл олж авах, тэрхүү мэдээллийг аваагүйгээрээ олноос тасарч байгаам биш. Оюун санааны дээдийг олж авахын төлөө унших, уншсанаа хэрэгжүүлэх, турших, бичих, суралцах, ажилладаг байдаг гэж би боддог. “Самсара” гэдэг кино төгсөхдөө –Бүхнийг олж авсан байх нь чухал уу, Ганц зүйлийг ялан дийлсэн байх нь чухал уу гэж асуудаг даа...
Цаг нь болохоор бид олон нийтийн сүлжээ сайтуудыг ашиглана, ашиглах нь ч бидэнд хэрэгтэй. Гагцхүү бид олонд болон өөртөө сайн үйлс бүтээдэг, олныг сайн сайхны төлөө уриалан дууддаг, хөдөлмөрлөдөг болсон тэр үед жинхэнэ хэрэг нь гарна. /Энд жишээ болгож Монголын олон олон нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачидыг дурдаж болно /
Оймсоо ч солих чадалгүй байж озоны цоорхойг хэрхэх талаар бүү зөвлөлд. Хэт нь тэгээд хүнд зүсэм талх л үнэн ч байна гэж тэртээх он жилүүдэд Р.Чойном гуай бичиж байжээ.
No comments:
Post a Comment