Өөрийн хоббины талаар хэдэн зүйл бичье гэж шийдлээ. Энэ нэгд өөрийнхөө хоббиндоо хэр үнэнч байгааг мэдэх, мөн ижил хоббитой хүнтэй танилцаж юуны магад гэж бодлоо.
Би арван жилд 6 –р анги л байсан үе байх. Ээж юмаа ухаж байсанаа хуучины хэдэн зоос гаргаж ирдэг юм байна. Тэр үед их л сонирхож минийх гэж шууд л өөрийн өмч болгосон санагдана. Тэр нь 1980-аад оны хэдэн 50, 20, 10, 5, 1-тын зоосон мөнгөнүүд байсан юм. Ямар зорилготой өөрийн болгосноо, яах гэж авсанаа одоо ч санахгүй л байна. Харин тэр үеээс хойш ямар нэг зоос олдох юм бол өөрийнхөө цуглуулганд нэмдэг болов. 7-р ангид байхад орос хэлний багш өөрийн хоббигоо танилцуулая гэхэд нь манай ангийн нэг охин марк, би зоос цуглуулдагаараа бусад хүүхдүүдээс цуглуулгын хоббитойгоороо ялгаатай байсан санагдаж байна.
Сүүлд ахлах ангид орсон хойно цагаан сараар хэдэн айлаас зоос олж авсан юм. Харин тэр үед бэлгэнд ирсэн нэг түрийвч их гоё төмөр хайрцагтай байсан нь дотор нь зоосоо хадгалах сав оллоо хэмээн олзуурхаж хуучны хэдийгээ шинэ олсон хэдтэйгээ нэмээд хийчихэв. Ингээд л төмөр хайрцагтай, нэлээн ч хэдэн зоостой болж авав. Манайхан болон найзууд минь зоос олдох болгонд л надад алба юм шиг авчирч өгдөг болсон хэхэ.
Харин сүүлд танилууд болон хамаатны ах дүү нар гадагшаа дотогшоо явах тоолонд нь би тухайн газрын зоос зохисаар өнөөдрийн хэмжээнд хүрчээ. Их биш ч гэсэн надад бол харахаар их л гоё сэтгэлийн таашаал авдаг ганц хобби минь. Энэ цуглуулганд хамгийн их нь мэдээж Монгол төгрөг, хамгийн эртнийх нь 1908 оны оросын 3 рубль, манжийн үеийн зоос, 1935 оны 5 мөнгө, мөн хамгийн сонирхолтой нь 5-р Харалд хааны зурагтай Норвегийн крон, шатдаггүй франк, Румыны лев, Хятадын пэн зэрэг сонин зоос, дэвсгэртүүд бий. Нийт 32 орны 245 тэмдэгт, зоостой болсон байна.
Монгол | төгрөг | 66 |
Евро | евро | 18 |
АНУ | доллар | 11 |
Хятад | юань | 34 |
Солонгос | вон | 27 |
Хонгконг | доллар | 3 |
Орос | рубль | 24 |
Синга | доллар | 7 |
Малай | Ринггит | 17 |
Тай | Бат | 6 |
Вьетнам | Донг | 1 |
Британи | паунд | 4 |
Фолкладын арлууд | паунд | 1 |
Швейцарь | франк | 4 |
Латви | лат | 3 |
Украйн | Гривня | 2 |
Герман | марк | 2 |
Канад | доллар | 1 |
Энэтхэг | рупи | 1 |
Польш | злот | 1 |
Эстон | крон | 1 |
Казахстан | тэнгэ | 1 |
Швед | крон | 1 |
Литва | Литас/центай/ | 1 |
Чех | Корун | 1 |
Дани | Дани оpе | 1 |
Куба | Песо | 1 |
Фин | Суомэн | 1 |
Норвеги | Крон | 1 |
Румын | Лев | 1 |
Бусад | мэдэгдэхгүй | 2 |
Нийт | | 245 |
Хааяа хааяахан бүгдийг нь асгаж байгаад харьцуулж үзнэ. Зарим зоосон дээрх сонирхолтой тэмдэглэгээ, хүн болон дүрсэлсэн зүйлсийг сонжиж, гүүглэдэж суудаг болсон. Мөнгөд хайртай хүн хэзээ ч бохир мөнгө авахыг хүсэхгүй, хөлсөө дуслуулж олсон мөнгөө хэзээ ч хамаагүй үрдэггүй гэдэгт би бат итгэсэн юм.
Би 16 настайгаасаа аав ээждээ туслах юмсан гэж өөрөө ажил хийхээр шийдсэн юм. Тэр үед нэг архины үйлдвэрт ачаа зөөгчийн ажил байсан нь надад бол тохирсон ажил байсан. Гэхдээ маш хүнд ажил байсан нь ажлын анхны орой нь л мэдэгдэж шантрах бодол толгойд орж ирж л байлаа. Гэсэн ч би зуныхаа амралтаар 45 хоног архины үйлдвэрт ажиллаж өглөө бүр 9 цагаас үйлдвэрийн дотор ачаа зөөж, шөнө бүр 12-04 цаг хүртэл ганцаараа чиргүүлтэй зил 130 машины тэвшийг архитай авдараар дүүргэж ажилладаг байлаа. Ингээд 45 хоног ажиллаж 8,27-нд ажлаасаа гардаг шөнөө шортныхоо карманд 141 мянган төгрөг хийчихээд шал ус болтлоо хөлсөнд нэвчсэн богино цамцаа мөрөн дээрээ тохчихоод цээж нүцгэн Хараагийн гудамжаар алхаж байсан минь миний амьдралын хамгийн амттай мөч байсан юм шиг.
Тэр цалингаараа авсан Японы пулсар фирмийн цагаа өнөөдөр ч зүүгээстэй. Ямартай ч тэр мөнгийг би нарантуул дээр үрэх гээд сэтгэл түвдээгүй л юмдаа. Магадгүй зоос цуглуулах хобби минь мөнгөний үнэ цэнийг хүндэлдэгтээ байдаг гэж бодох болж. Бусад мундаг цуглуулагчдыг бодвол цөөн, бас он дараалал, онцгой үйл явдлын гэх мэтээр төрөлжүүлж чадаагүй ч надад бол хамгийн эд үнэтэй зүйл минь. Нэг нууц дэлгэхэд саяхан нэг хүн энэ цуглуулгыг минь зургаан оронтой тооны багагүй үнээр авах санал тавьсан ч би үгүй л гэсэн. Энэ чинь миний үнэ цэнэ, итгэл үнэмшилийн минь хөлс юм шүү дээ.
3 comments:
Надад 1905 оны 3 рубль байгаа жоохоон мөнгөний жижзээн цуглуулга шуу юм байгаа :D
Гоё хобби байна, гэхдээ хажуу хавирганыхаа хүмүүст жаахан дарамттай хүн юм аа даа, гээлүү, хэхэ. Доорхи хэсгийг уншаад сэтгэл хөдөллөө:
"Гэхдээ маш хүнд ажил байсан нь ажлын анхны орой нь л мэдэгдэж шантрах бодол толгойд орж ирж л байлаа. Гэсэн ч би зуныхаа амралтаар 45 хоног архины үйлдвэрт ажиллаж өглөө бүр 9 цагаас үйлдвэрийн дотор ачаа зөөж, шөнө бүр 12-04 цаг хүртэл ганцаараа чиргүүлтэй зил 130 машины тэвшийг архитай авдараар дүүргэж ажилладаг байлаа. Ингээд 45 хоног ажиллаж 8,27-нд ажлаасаа гардаг шөнөө шортныхоо карманд 141 мянган төгрөг хийчихээд шал ус болтлоо хөлсөнд нэвчсэн богино цамцаа мөрөн дээрээ тохчихоод цээж нүцгэн Хараагийн гудамжаар алхаж байсан минь миний амьдралын хамгийн амттай мөч байсан юм шиг."
Тиймээ Ганзогийн иш татсан хэсгийг уншаад чиний тэр үеийн амьдарлаар бахархах сэтгэл төрж байна. Яг л Солонгосын Ерөнхийлөгч И мён Багийн "Ажлаар амьсгалсан он жилүүд" гэдэг номон дээр гардаг залуу үеийн нь амьдрал шиг...
Post a Comment