Бүлээн амьсгалаа хураагаад
Бүрэг дуугүй зангаараа
Бүхнээс чимээгүйхэн холдож
Би удахгүй буцна
Алдар нэрийн төлөө биш
Алт мөнгөний төлөө биш
Аав ээжийнхээ тал нь
Атгахан зүрхэнийхээ цус нь явах гэж
Гучхан насандаа Есенин
Шүлгээ тэрлээд хэвтсэн шиг
Гуравхан жилийн дараа би
Шилээ харуулаад буцна
Үдэх ёслолд оролцох
Цөөн хэдэн хүнтэй ч
Үнэн сэтгэлээсээ гашуудах
Чин сэтгэлийг нь хараад
Хорвоод үнэ цэнэтэй амьдарсанаа
Хормын төдийд мэдрээд
Сэтгэл амар буцахдаа
Биеээ зовоосон ч яахав
Чойном, Нямсүрэнтэй уулзах гэж
Яаран яаран би буцна
Хөрстөд хоргодох зүйл минь
Хүүхдүүд минь л байх болно
Омар хаяамын мөрүүд шиг
Чандар шарилаар минь хэн нэгэн
Шавар хөшөө зуурч
Хорвоод би дахин мэндлэнэ.
Өнгө төдий шалчиганах
Өөдгүй хэдэн сүгнүүдтэй зууралдахгүй
Албан тушаал горьдсон биш
Алт мөнгө ч хураах биш
Бусдын төлөө явсаар өөрөө хохирох ёсон бий ч
Энэ биеэ бодож амиа хоохойлж суухгүй
Эх орондоо хүү болж мэндэлсэнийх
Үүргээ биелүүлээд буцна
Элсэнд асгасан ус шиг хоосон ууршиж буцахгүй
Энгүй том далайд ч дусал ус болж нэмэрлэхгүй
Энгүүн нэг уулын горхи нь болж би дахин мэндлэнэ
Би удахгүй буцна
УБ хот 2014 он
No comments:
Post a Comment