Сэтгэлийнхээ мухрын жаахан дөлөнд халууцан сагаж
Юуг ч үл хайхран, чамаас л ирэх харцанд унахдаа
Бүхнийг умартах галзуу бодол ч орж ирэх...
Өнөөдөр алдаж маргааш олохын төлөө гэж
Өөрийн сэтгэлээ хуураад ч байна уу гэж
Зөндөө удаан бодогдсон ч
Зөвхөн чи л хариулт нь байх...
Алдаагаа би алдаа гэхээ больсоон
Оноогоо би харцнаасаа авч шидээд
Өөрийгөө л өөрчилж чадвал
Өнө орчлонд жаргал тэр юм гэж...
Хааяадаа хундага дарсанд шумбаад
Хамаг орчлонг мартах шиг сайханыг
Энэхэн амьдралдаа үзээгүй
Өчүүхэн яваагаа ухаараад
Есинин шиг болохыг мөрөөдөж саваагүйтэх нь
Ердөө л өөрийгөө хуурах шиг санагдаад
Би бигээрээ л дуусах нь чамайг олох шиг
Тийм нэг гуниггүй, хэрсүү зан шиг...
Энийг л бичих гэж өмнөх мянган мөр урсаж
Үүнийг л хэлэх гэж чамд, өөрийгөө шаналгаж, бас баясгаж
Эхний хундганд тасарчих шиг тийм сайхан мэдрэмж
Ээ дээ энэ орчлон яасан баян бэ гэж хавиар нэг хашгирмаар...
Үүнийгээ би энэ хэдэн мөрөөр, үнэндээ шивнэж
Үүрд уулзахгүй байсан ч уулзсан мэт болоод
Нам гүмхэн буландаа буйдхаан сууж
Нартыг барнаа,
Бурхан минь энэ орчлонд сайхан зүйлс яасан их юм бэ?
No comments:
Post a Comment