Thursday, October 11, 2018

Сэтгэлийн өр

Насан туршийн хайр зөвхөн номонд л байдаг гэж 
Хаанаас би уншлаа даа
Надаас чамд очсон мянга мянган үгс
Дуу болон эгшигэлсэн сэн

Хэзээд би чамайг надад хайртай гэж боддог
Тэр л цаг үед чи, хайртай байсан нь үнэн
Одоо цагийн чи надад хайргүй байж болноо
Би чамайг анхных шигээ л санаж явдаг

Энэ л надад хангалттай
Гуниг бичиж чадахгүй өнөөдөр
Анхны сэтгэлээ эргүүлэн бичмээр байв ч
Бас л зориг хүрэхгүй нь

Чамд би үргэлж өртэй 
Залуу насыг чинь авсан
Бардам занг чинь авсан
Харин би чамд юу өглөө дөө

Үзэгний чинь үзүүр
Хүслийн чинь дэвүүр
Бодлын чинь хүлэг
Надад дэндүү ахадсан байсаан

Учир мэдэхгүй насны алдаа мэт бодогдовч
Анх би чамтай учирсан
Үүрд би чамтай учирсаар л явна
Учир нь хайр гэдэг номонд л байдаг ажгуу

Яг л зурсан зураг байгаа биз
Хагацах гэж л учирсан
Хайрлах гэж л муудсан
Санах л гэж салсан он жилүүд

Шүлэг минь би чамд анхлан дуралсаан
Хүлэг чинь явсан залуу насны аагаараа
Одоо би бахархаж хайрлаж суудаг
Өөр би юу хүсэх билээ дээ

Чамдаа ирэлгүй зөндөө уджээ
Чангаас чанга тэврээд 
Тас хийсэн өвлийн үдэш 
Тамхиа сороод дахиад нэг гуниглахсан




Monday, June 25, 2018

Сүүлчийн шүлэг

Аугаа их найргийн
Ашид мөнхийн дурсгалыг босголцлоо
Аль ч орны урчуудын бүтээгээ нь үгүй хөшөөг
Ард түмнийхээ зүрхэн тольтноо цогцлууллаа

Хүний ертөнцөөс хүн нэгээр дутаж
Хүндэтгэлийн ертөнцөд хөшөө нэгийг нэмж
Эрин үеийн их тэнэгүүдтэй хийсэн
Рэнцэнгийн Чойномын цусгүй дайн дууслаа

Хэнтий хан уулынхаа цэнгэлд шартам хормойд
Хэрлэн их мөрнийхөө цэцгийн гурван сард
Жир амьдарлаар амьдрах нүгэлт нэгэн иргэн би
Жинхэнэ шүлэгчийн туулах чанга замыг дагаж

Ядуу шүлэгчийн бууринаас яруу найрагч болох гэж
Ядрал зүдрэл хоёрыг нуруундаа үүрч явлаа
Ад үзэгдсэн гар бичмэлийг минь
Алтаар үнэлэх цаг заавал ирнэ ээ

Дуусаж амьдарч чадаагүй
Дуучин Чойном энд нойрссон гэж
Дурсах өдөр та нарт ирнэ ээ.

1979.04.20
Р.Чойном