Monday, June 17, 2024

...

Тэвэрч ирсэн цэцэг чинь хэд хоногийн настай вэ?

Тэмцэж бичсэн шүлэг минь мянган жилийн настай.

Pioneer

Аймаар муухай үгүүд

Гомдож болдоггүй юм байнаа 
Эмэгтэй хүн
Уучлал гуйдаггүй хүний хажууд тэсдэг мөртөө 
Уучлал гуйсан эрийг тоодоггүй юм байна 

Гомдлоо гээд яахав дээ 
Уг нь 
Сайндаа л тэвэрч уйлмаар 
Хүзүүнээсээ чамайг зүүмээр л байгаа нь тэр 

Эр хүн чиний хажууд 
Уйлж байвал 
Гомдож байвал 
Хүн байна гэж итгээрэй 

Эр хүнд нялцгай байх нь зохидоггүй юм байнаа 
Дахиад чамд гомдохгүй 
Дахиад чиний хажууд уйлахгүй 
Дахиад чамд эрхлэхгүй 

Аймаар муухай үгүүд
Хажууд чинь байх хувь дутсан шиг 
Харамлах ч эрхгүй заяа дутсан шиг 
Гомдох ч эрхгүйгээ сая л ойлгов 

Ай гэнэн хонгор залуу нас минь 
Чамд би бүхнээн өгөөд 
Үүрд иймээрээ үлдэхсэн 
Чадахгүй нь, гомдож чаддаг хүнээрээ байхсан

Тэр нэгэн бүсгүйд

Хувь дутсан дурлалаар өвдөж
Хуурын чавхдас шиг хөг орж
Хувцсан дотроо шатаж явахад минь
Чи намайг тоогоогүй
Тэгэхэд чи
Холын холд
Голын хор шиг л байсан
Хоёр мөр шүлэг шиг уруулаар чинь үнсүүлж
Хорвоог баръя даа гэж их бодсоон
Бүтээгүй ээ
Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд
Зүүдээ чамаар л үргэлжлүүлж
Тэр жилийн амттай зовлонгийн
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна 
Сураг отсон гэнэн зүүдэнд минь
Сурагч бэхний өнгөөр дандаа чи ирдэг
Бүтээгүй жаргалаар алга шавхуурдан шоглоод
Бүртэн бүртэн гэсээр үүрээр чи явдаг
Залгаж бодсоор би нартай хутгалдан
Замбуулингийн тоос цэцгэн дунд бодолдоо бүдэрдэг
Зүүдний төгсгөл үнэнтэй ингэж айлсан
Зөн совингийн зангилаа хөвөрдөг
Зүтгэж яваа амин амьдралын хажуугаар
Зүүдлэхээс өөр эрх надад байхгүй!
Мартаагүй л явна даа чамайгаа гэж
Манхайн цайх үүрийн туяа
Маралын гурван гялаанаар хэлүүлье
Намрын навч зүйж бичсэн шүлгээрээ
Намбаргахан эмэгтэй чамд мэнд хүргье?
Найрагч Лхагвасүрэгийн гэргий болж
Нажидаа эдлээгүйд чинь баяр хүргье?

Б.Лхагвасүрэн

Thursday, June 13, 2024

Цаг хугацаа

Цаг хугацаанд хүндийн жин өгч хүндрүүлэхийг амьдрал гэнэ

Удаашруулахыг хөдөлгөөн гэнэ

Гүнзгийрүүлэхийг мэдрэмж гэнэ

Зогсоохыг #хайр гэнэ.


Нэрд гарах уу, 

Баян болох уу

Заза төвөг дөө, цаг хугацааг л нэг зогсоож үзэхсэн... Ли Бай

#physics #love 

Шүлэг минь

 Миний ууж баралгүй орхисон цор ганц амтат дарс бол бүсгүй хүн…. Данзангийн Нямсүрэн.

Насаараа уугаад ч чамайг барамгүй

Насаараа үнэрлээд ч сэтгэл ханамгүй

Надаас чамд шунасан сэтгэл хэзээ ч унтрамгүй

Нам гүм даруухан, сэтгэлийн минь булан, орон зай шүлэг минь чи...

Миний уншиж баралгүй орхисон цор ганц шүлгийн дэвтэр бол бүсгүй хүн

Миний дуулж чадалгүй орхисон цор ганц аялгуу бол бүсгүй хүн 

Миний уйлж дуусгалгүй орхисон цор ганц сэтгэлийн хат бол бүсгүй хүн 

Миний ухаарч амжилгүй орхисон цор ганц цэцэн ухаан бол бүсгүй хүн 

Миний бичиж чадсан цор ганц хайр бол шүлэг минь

Миний авч чадсан цор ганц бүсгүй хүн бол шүлэг минь

Миний ухаарч чадсан цор ганц мэргэн ухаан бол шүлэг минь

Миний уярч сөгдөж чадсан цор ганц гоо үзэсгэлэн бол шүлэг минь ... 


Sunday, June 2, 2024

Будлиу

Мартахын тулд үргэлж санах хэрэгтэй
Мартах март мар ма м 
Мартцөөн 

Санахын тулд хааяа мартаж байх хэрэгтэй
Санах сана са с 
Аан санасан.