Monday, June 17, 2024

Тэр нэгэн бүсгүйд

Хувь дутсан дурлалаар өвдөж
Хуурын чавхдас шиг хөг орж
Хувцсан дотроо шатаж явахад минь
Чи намайг тоогоогүй
Тэгэхэд чи
Холын холд
Голын хор шиг л байсан
Хоёр мөр шүлэг шиг уруулаар чинь үнсүүлж
Хорвоог баръя даа гэж их бодсоон
Бүтээгүй ээ
Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд
Зүүдээ чамаар л үргэлжлүүлж
Тэр жилийн амттай зовлонгийн
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна 
Сураг отсон гэнэн зүүдэнд минь
Сурагч бэхний өнгөөр дандаа чи ирдэг
Бүтээгүй жаргалаар алга шавхуурдан шоглоод
Бүртэн бүртэн гэсээр үүрээр чи явдаг
Залгаж бодсоор би нартай хутгалдан
Замбуулингийн тоос цэцгэн дунд бодолдоо бүдэрдэг
Зүүдний төгсгөл үнэнтэй ингэж айлсан
Зөн совингийн зангилаа хөвөрдөг
Зүтгэж яваа амин амьдралын хажуугаар
Зүүдлэхээс өөр эрх надад байхгүй!
Мартаагүй л явна даа чамайгаа гэж
Манхайн цайх үүрийн туяа
Маралын гурван гялаанаар хэлүүлье
Намрын навч зүйж бичсэн шүлгээрээ
Намбаргахан эмэгтэй чамд мэнд хүргье?
Найрагч Лхагвасүрэгийн гэргий болж
Нажидаа эдлээгүйд чинь баяр хүргье?

Б.Лхагвасүрэн

No comments: