Monday, July 28, 2025

Бодрол

 

Яруу найрагч хүн

Тэмдэглэлийн дэвтэрээ хэн нэгэнд үзүүлэхээс илүү хүндэтгэл гэж байдаггүй

Тэгвэл би одоо таньд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрээс бодрол таталбараа уншиж сонсгоё

Найман сарын бороонд навч уйдна

Уйдахдаа урдын мөчрөө дарна

Дарлаа дарлаа гээд гудайх нь юу байхав дээ

Дараах хаврыг үзэхгүйдээ л гундана

Яах аргагүй өтөлж байна аа гэдэгээ

Намар л их мэдэх юмдаа Найр найрын үнэрт өвгөн шувуу

Өвгөн шувууг сонсоход тэнгэрт харуулдана

Харуулдсан тэнгэрийн чандаас хазаарын тоногшиг

Долоон бурхан шаргина

Жаргалтай найрыг холоос сонсох сайхан байдаг юм

Миний өмнүүр салхи хөврөнө

Хөөрсөн аашинд нь хамхуул хэлмэгдэнэ

Хэлмэгдсэн хамхуулд хөшөө босгохгүй

Хээрийн салхи наранд цаазлуулна

Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж үнэн шүү

Ширмэн тогоогоо хаваржаанд мартчихаж

Мартсан биш бэр нь завшлаа

Завших завшихдаа бүр зуны гурван сар бүрхээрийн гандтал салхилжээ

Болж өгвөл ойрхоноос эхнэр авмааргүй юм байгаа юм

Илүү гэрийн халтар ханыг

Том хөхүүр дарна

Дарагдсан ханын толгой

Шийрээ тийрнэ

Тийрсэн хөх бургас хүн байсан бол

Тамгын найран дээр гүүнд агсарна даа

Жаргалыг ойрхоноос цуглуулсан хүн

Ардын дууг амарчилж аялдаг юм шиг санагддаг

Тэвчэж чадаагүйдээ л би тэнэг

Тэнэглэснээ мэдээд өөртөө элсэн

Элж байгаагаа мэддэгсэн байсан

Ингэж дотроосоо амархан өтлөх ч байсан уу үгүй ч үү яаж мэдэх билээ

Өөр өөрийгөө өрөвдөөд уйлж байгаа хүнийг аргадах үг олддоггүй юм

Хар чийгэнд мөнгөн баавар харлана

Харласан хазаар норсон чөдөртэй ижилхэн

Ижилхэн хар харын дундаас их цагаан гэгээг морин дэл дээгүүрээ эрнэ

Би ганцаардахдаа чөтгөрийг хүртэл хань татдаг юм

Дуу алдан жингэнэсээр хөршийн хонх

Хонхны гуйлтаар хаалга онгойсонгүй

Онгоохгүй хаалганы хатавчыг сахин

Оройтсон хүргэн нь гэгээнээс ичихдээ гэртээ харьчихлаа

Нэг л өглөө ханьдаа байтугай бурханд ч гологдох өдөр гарна даа

Үүр цүүрээр охин минь яргаллаа

Яргалах ч юу байхавдээ хар дарлаа

Хар дархад нь хазаарын амгай үнэрлүүллээ

Хаана яваа юм бол миний аавын адуу

Би аавынхаа бүсийг дэрлэж

Ээжийнхээ өвөрт эрхэлж байхдаа мангасыг хүлээдэгсэн

Хорвоо гэж эрээвэр хураавар бодролууд

Намайг цас мэт дарахыг нь яана гээч

Миний бодрол


Ш.Гүрбазар


No comments: