Sunday, January 4, 2015

Бурхад бол жимс, Жимс бол бурхад

Бурхан надад хэлэхдээ
Битгий яар хүү минь
Хамгийн исгэлэн жимс бол
Би юм шүү гэж

Зүүдэнд минь шивнэхдээ
Зүрхэнд минь сийлэхдээ
Согтуу байсан учраас
Солиорч сууна энд би

Анхлан амтласан жимс
Исгэлэн байсан
Ахиад нэгийг амсхад
Энгийн л нэг жимс

Анхных болохоороо тэр жимс
Исгэлэн бөгөөд гашууныг
Ай бурхан чи юунд
Итгэж надад хэлсэнгүйв

Өөр ямрыг ч амссан
Түүнээс гашуун нь үгүй
Өөрийн сэтгэлээ би
Түүний амтаар исгээд

Өнө мөнхөд хөлчүүрхнэм
Өглөө босоод л шартнам
Үгээн барж агсамнанам
Үйлээн үзэж үгүйлнэм

Хэлбэр хөөж томыг
Сэтгэлээн хуурч хүнийхийг
Өчнөөн олныг амсавч
Өөр бусад шиг үгүй юм чи

Том жижигтээ биш
Өнгө зүсэндээн биш
Дотоод мөн чанартаа гэж
Өнөөдөр л би ухаарав

Архи уусны маргааш
Шарталгүй сэрэх нь сайхан ч
Амтыг нь хайж амьдралаа
Шал дэмий үрсэнээ

Өнөөдөр л гэнэт ухаарах нь
Өглөөний шар гараагүйнх юмуу
Зовлон гэгч сонор аж
Жаргал гэгч дүлий аж

Буруу зөв аль нь бай
Исгэлэн байсан тэр үнэнийг
Би хойшид амсахгүй гэх
Итгэл надад төрөв

Анх амссан тэр үед л
Исгэлэн байсан тэр жимс
Одоо би дахин амсвал
Исгэлэн амтанданд дасах байлгүй

Үүрд исгэлэн амтыг чинь санах гэж
Эгнэгт би амсахгүй гэх
Үнэн мөнийг бурхан чи
Өөрөө л надад харуулсан

Ахиж хэрвээ нэг л амсвал
Амьд явах хэрэг үгүй
Үзэж дуусгах бүхний хийгээд
Үйл лайгаа үүрч аваад

Хэзээ хойно чамайг би
Хөнтөрч орхиод даруулга хайж
Хөрстөөс нэг буцах үедээ
Хэнд ч өгөхгүй би аваад явна.


Friday, January 2, 2015

Нэгэн цагт

Нэгэн цагт би үхнэ
Чи ч бас үхнэ
Нэгэн цагт бид учирна
Чамайг би олно

Өнгө мөнгөний амьдралд
Өөрөөрөө байж болохгүй мэт
Хүнийх амттай хорвоод
Хүсэл тарчилж үхнэ

Хүсэл үхэх тэр цагт
Сэтгэл бас үхнэ
Сэтгэл үхэх тэр цагт
Хайр бас үхнэ
Хайр үхэх тэр цагт бас
Харин бид диваажинд учирна

Нэгэн цагт би амьдрана
Чи ч бас амьдрана
Зурсан зураас нь давхцана
Туулсан зам нь сална

Хар цагааны хорвоод
Хамгийн нандин итгэл өвөртлөнө
Тэвчээрийн хүлээс тасрах мөчид
Тэр итгэл хүний өвөрт жаргана

Итгэл өвөртлөсөн тэр өдрүүдэд
Ингээд л жаргах юм шиг
Хайр булгилсан төр өдрүүдэд
Халуунаараа байх юм шиг
Эндүүрсэн тэр өдрүүдэд
Эгнэгт нэгнээ олохгүй

Нэгэн цагт би төрнө
Чи ч бас төрнө
Тавилан заяаж мөд учирахгүй ч
Хувь тохиож чамтай учирна

Өнгө алагласан энэ хорвоог
Өмчилж би төрсөн юм шиг
Учрал хүлээсэн тэр өдрүүдэд
Угтаж бид бэлтсэн юм шиг
Нэвт ширтэх харцанд чинь унаж
Нэг насаараа бид анх учирна

Эрэл

Зүүдэндээ чамайг хайна
Зүрхэндээ чамайг хайна
Зөнгөөрөө чамайг хайна
Зөндөө их хайлаа
Ердөө л чи алга

Зүрхний минь нэгэн буланд
Зүүдний хугас тэрхэн мөчид
Сэтгэлийн минь сэмэрсэн үзүүрт
Сэргэлэн алаг нүдний чинь харцанд
Ердөө л чи алга

Заримдаа үнэрийг чинь мэдрэх гэж нүдээ анидаг
Залуудаа даарч явсан шиг шөнө би халууцдаг
Уруулны чинь амтыг санах гэж би тамхилдаг
Ухаан орох гэж би заримдаа унтдаг
Ердөө л чи алга

Эрх хонгор дууг чинь сонсох гэж
Эргээд буцаж цаг хугацаагаар аялдаг
Бүлээн амьсгалийг чинь мэдрэх гэж
Бүтэн цусаа юүлмээр санагддаг
Ердөө л чи алга

Алаг хорвоогийн тарчлаан
Эрэлийн үзүүрт хоосонд оршдог
Амин зүрхний халуун сэтгэл
Энгийн нэгэн сэтгэлд явдаг
Ердөө л чи алга

Тээр жил би зөрүүдлэсэн шиг
Тэгэхэд чи мөчөөрхсөн шиг
Хайран хугацааг залгиж өнгөрөөсөн
Халуун сэтгэлээ ууршуулж дарсан
Ердөө л чи алга

Эрлийн үзүүрт үнэр нь алга
Сэтгэлийн үзүүрт харц нь алга
Зүтгэлийн үзүүрт дуу нь алга
Цаг хугацааны үзүүрт ердөө л чи алга
Чи алга