Дүрслэл мэт үүлс олзлогдогсод мэт цувж
Дайн мэт салхины үймээнд хэлбэр мэт саран
Харц мэт хувьсахад уй гашуу мэт шөнө
Хагацал мэт зовооход хөдөөлүүлэх газар мэт ГАНЦААРДАЛ
Хөлийг минь хучиж магнайг минь хөгшрөл мэт
Илбэнэм. Толь мэт нам гүмд намайг
Инээд мэт ганцаардал хямрал мэт
Зовооход эмээгийн үхэл мэт нулимс
Зочид мэт үзэгдэж анд мэт тайвшруулнам.
Уйдаж ядарсан наран уулын завсар уруу
Улаан хархан авс мэт уй хагацалтай гулсахад
Хөвгүүний цогцос мэт зөөлөн хэрээ
Харуусах мэт уйлахад хэрээ мэт ганцаардал
Хүйтэн нулимсыг нүд мэт тоншиж, дарс мэт залгилж, будуу мэт түүнэм.
Шувууны яс мэт сарны гэрэл өд мэт бутрахад
Шумуул мэт ягаан гунигийг хөх ногоон эрвээхий
Мэт ганцаардал хүүхэн мэт эргүүлдэж
Мээм мэт зэрэгцэн халуун сэтгэл дотор
Муурын зулзага мэт эвшээлгэн суунам.
Түлхүүр мэт жижигхэн, танихгүй танил мэт ганцаардал түргэн нүүх гурвалжин үүлсийн дор
Торгон бээлий рүү шургах тансаг болоод өнчин бөгж мэт үзэгдэж
Түрийвчин доторхи уруулын будаг мэт өглөөний наран мандахыг болзоонд зогсох бүсгүйн танил сүрчигт согтуурах бөгж мэт хүлээнэм.
Танил бус дөрвөлжин, дөрвөлжин ҮҮЛНЭЭС
Тунгалаг тунгалаг хурын бөмбөлөгөн дусал
Хүүхдүүд мэт моддын алган дээр буун чихэр мэт баярлуулахад янжуурын цог мэт ганцаардалтай
Хамгийн сүүлчийн ялалт мэт борооны зууван дусал лаа үлээх мэт учирч харанхуй сэтгэлд гэгээ татахад
Очих газар минь оршуулгын газартай адил санагдаж
Орхиж гарсан газар минь төрсөн гэр шиг бодогдож
Одоо цаг намайг ганцаардал мэт зовооход МИНИЙ
Сэргэн мандалт шувуу мэт нисээд явчихлаа.
Сэргэн мандлын минь гэрэл намайг гийгүүлээч?
Сэргэн мандлын минь аялгуу намайг эзэмдээч?
Цөвүүн цаг мэт ганцаардал намайг амраг мэт таалахад
Ганцаардал мэт цөвүүн цагийг би үзэх ёстой юм гэж үү?
Ганцаардал намайг цэцгийн мандал мэт баясгахгүй юм гэж үү?
Дүрслэл мэт үүлс олзлогдогсод мэт цувж
Дайн мэт салхины үймээнд хэлбэр мэт саран
Харц мэт хувьсахад уй гашуу мэт шөнө
Хагацал мэт зовооход хөдөөлүүлэх газар мэт ганцаардал
Хөлийг минь хучиж магнайг минь хөгшрөл мэт
Илбэнэм. Толь мэт нам гүмд намайг
Инээд мэт ганцаардал хямрал мэт
Зовооход эмээгийн үхэл мэт нулимс
Зочид мэт үзэгдэж анд мэт тайвшруулнам.
Б.Галсансүх
No comments:
Post a Comment